Миний залуу нас бардамхан байтугай
Сайхнаас сайхан ганц шүлэг чихрийн цааснаа биччихээд
Салхинд гэнэт алдчих мэт араас чинь би гүйнэм
Залуу нас минь халуухан үе минь түр хүлээ
Задгай инээд илхэн сэтгэл минь яльгүйхэн хүлээ
Залуу юм даа алдах л байлгүй гэж
Занаж анаж хэн нэг нь дэмий үг чулуудна
Заамдаж аваад дайснаа гэнэт өрөвдөх мэт
Зайлуул гээд тэр үгийг нь тэгтлээн би үл тооно
Хоосон магтаалд шувуу шиг хөөрч
Ховын хар үгэнд цэцэг шиг гундавч
Хоргой даалимбаны алинд нь ч өнгө үл дарагдах
Хорин хэдэн нас минь түр хүлээ, жаахан хүлээ
Сүй тавьсан бөгж шиг мөнгөн тойрог саран доорх
Сүү амтагдсан хаврын тэнгэр шиг залуу насаа
Амтай болгонд хэлүүлж бардаггүй хөөрхий насаа
Амьтай бүхнээс өмгөөлье гэсиймаа
Алдар зэм хоёрын завсраар сум шиг харвасан
Алдхан бие зурвасхан нэр минь ч байтугай
Алдаан дээр минь ч гэсэн монгол улс тогтдогсон
Алив миний залуу нас бардамхан байтугай
Хөндлөн гулд Өндөрхааны гудамжинд
Хөглөж явсан чойномын алдаа залуу нас нь байсан юм
Хөлчүүрхэж бичсэн шүлгээ хам хумхан өвөртлөхөд
Хөвчин их улсынх нь гуниг элгэнд нь мэгшиж байсан
Явлаа гээд Гагарины залуу нас хөлгийн бүхээгнээс инээж
Яллаа гээд Дандарын залуу нас нуувчин дотроос уйлавч
Ял гавьяагаар дутаагүй нас минь эх орныхоо төлөө
Ямар үнэ төлснөө тооцож үзээгүй юм шүү
Хөгшин Английг Битлз тэнд эстрадаар тэглэсэн
Хөмсөг нүдээрээ залуухан Цогзолмаа эрчүүдийг энд дэглэсэн
Одтой тэнгэр талын хүү Батбаяр
Олон японыг тэнд хэвтээгээр нь нар харуулсан
Онгирохгүй яадаг юм миний залуу нас
Хэрсүү уяхан Жанцанноровын гуниг зуусан аялгуу юм чи миний залуу нас
Хэнэггүй дампуу Болд-Эрдэнийн минь уйлж бичсэн шүлэг юм чи миний залуу нас
Ононгийн шугуйн Эрдэнэбаавайн асгарууланхан дуудсан
Олон олон наран тогоруу миний залуу насаа
Аргамагын дээд ажнайг илжиг гэж мэдэх зөрүүдхэн насаа хайрлахтун
Айлын гоё эхнэрийг урвуулж мэдэх тэнэгхэн насаа хайрлахтун
Цэцэг цэцэгсийн нүдэн дээр үнсдэг гэгээхэн насаа хайрлахтун
Чиний л төлөө үхье гэж хэнд хэлдгээ ч бүү мартахтун
Хашир, хэрсүү, тэвчээртэй буурал орчлонгоос
Халуун хоёр алгаа тосоод гуйж аваагүй юм шүү
Алив миний залуу нас бардамхан байтугай
Ауга монголын залуу нас алдахаасаан бүү айтугай
Нээрээ л залуус минь залуу нас нэг л заяах болохоор хаана юу хийж явна яг л тэр газраасаа, яг одооноос эхлэн зорилготой тэмүүлэлтэй байж ихийг хийж бүтээцгээе!!!